С.Цэнд-Аюуш: Өөрөөс шалтгаалахгүй хүндрэл огт тохиолдохгүй гэдэг нь хамгийн сайхан


YOLO.mn | YOLO.MN
2018-09-21 https://www.yolo.mn/z/3243

Нэг жилийн хугацаанд АНУ-д мэргэжлээрээ дадлагажих хөтөлбөрт хамрагдсан Монгол Улсын мастер тогооч С.Цэнд-Аюуштай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLO: Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Сүрэнхүүгийн Цэнд-Аюуш гэдэг. Хүнс, технологийн политехник коллежийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын мастер тогооч. Манай сургууль хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг, 54 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ууган сургууль юм.

YOLO: Та энэ хөтөлбөрт яагаад хамрагдах болсон бэ?

-Би өөрөө хоолны газар олон жил ажилласны хувьд, үе үеийн шавь нар маань ч ажиллаж байгаагийн хувьд улс орныхоо хоолны салбарыг ерөнхийд нь мэднэ. Тэгэхээр өөр тийш яваад яг ижил мэргэжлээр ажиллаж үзээд ирье гэсэн бодолтой л явсан юм.

YOLO: Хөтөлбөрийн талаар анх яаж олж мэдсэн бэ?

-Гадаад дотоод эх сурвалжаас мэдээлэл хараад л яваад байсан. Сошиалаар санаандгүй байдлаар Monarch-ийн талаар олж мэдсэн л дээ. Өмнө нь би гадаадын нэгэн агентлагтай холбогдож үзсэн юм. Гэтэл заавал албан ёсны зуучлагч байгууллагатай харилцах ёстой гэж мэдэж аваад байж байтал Monarch-ийн тухай мэдлээ. Ялангуяа тогооч мэргэжлээр хамрагдах хөтөлбөр манайд тэр бүр байдаггүй.  Бас би дөнгөн эхлэн сурч байгаа дадлагажигч биш, өөрийгөө илүү хөгжүүлж, шинэ зүйл мэдэж авъя гэсэн зорилготой байсан. Салбарынхаа залуусыг ч бас байнга эрэл хайгуул хийж хөгжиж байгаасай гэж хүсдэг.

YOLO: Хэр их бэлтгэл хангаж байж явдаг тухай сонирхуулбал?

-Зүгээр нэг хоолны салбарт ажилладаг хүн явдаггүй юм байна гэдгийг бэлтгэл ажил, шалгаруулалтын явцад мэдэж авсан. Хэд хэдэн ярилцлаганд хамрагдах зэрэг олон шалгуурыг давах хэрэгтэй болдог. Англи хэлний мэдлэг хамгийн чухал.

YOLO: Ямар хугацаагаар явсан бэ? Энэ хугацаанд ямар ажил хийж байсан бэ?

-Би нэг жилийн хугацаатайгаар яваад ирсэн. Зочид буудлын үйлчилгээ, ресторануудын сүлжээ хариуцдаг HEI гэдэг компанитай гэрээ хийгээд явсан. Улмаар Georgia муж дахь Château Élan Winery & Resort-д очиж ажилласан. Миний очсон салбарт нь 19 өөр улсаас ирсан 500-аад хүн ажиллаж байсан. Монголоос бол ганцхан би байсан л даа. Герман, Франц, Голланд, Румын, Унгар, Филиппин, Энэтхэг, Өмнөд Африк, Хятад, Тайланд, Тайван, Италь, Турк  зэрэг олон улс орноос ирсэн хүмүүс нэг дор ажиллаж байлаа. Үүнээс тогоочийн мэргэжлээр 57 хүн ажиллаж байсны 4 нь гадаадын иргэн бусад нь америкийн иргэд байсан. Тэдний нэг нь би, нөгөө хоёр нь энэтхэг, нэг нь турк хүн байсан.

Ажил мэргэжлийн онцлогоос хамаараад очингуутаа шинжилгээнд хамрагдаж, тухайн улсын хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлсэний дараа 14 хоногийн ажлын ажиглалтанд хамрагдсаны үндсэн дээражлын байрыг тодорхойлж өгдөг юм билээ. Тухайн хүний анкетыг харгалзаж үзэхээс гадна шууд удирдлага нь ажилтныхаа хийж буй зүйлд саад бололгүйгээр хөндлөнгийн ажиглалт хийсний үндсэн дээр ажлын байрыг нь тодорхойлдог юм байна лээ. Энэ нь олон улсаас ирж байгаа хүмүүс мэргэжлийн янз бүрийн дадлага туршлагатай байдгийг өөрийн байгууллага дээр тодорхойлно гэсэн үг л дээ.

Миний хувьд өмнө нь Төр засгийн аж ахуй үйлчилгээ эрхлэх газар тогооч, ахлах тогооч, ерөнхий тогооч зэргээр ажиллаж байснаас гадна Турк улсад мэргэжил дээшлүүлж байлаа. Тэгсэн хэдий ч шууд оройн хоолны тогооч болоход менютэйгээ танилцахаас гадна сурах мэдэх зүйл мундахгүй. Ажлаа хэр зэрэг хурдан өөрийн болгох нь тухайн хүнээсээ л шалтгаална. Бүх хүн өөр өөрсдийн ажлаа нарийн хуваарийн дагуу хийж байгаа учраас дор бүрнээ тус тусын ажлаа л хийнэ.

YOLO: Өдөрт хэдэн цагаар ажилладаг байв?

-Өдөрт найман цаг ажилладаг байсан. Цалингаа ажилласан цагаар тооцож олгоно. Наймаас илүү цаг ажиллавал минутаар тооцоод ажилласан илүү цагийн хөлс олгодог. Илүү цагаар ажиллах ч тохиолдол олон байсан л даа.

YOLO: Ирэн иртэлээ тэр ажлаа л хийж байв уу?

Ажил олгогч маань намайг багшилдаг гэж мэддэг байсан болохоор би ажиллаж байсан буудлынхаа бусад хэсэгт шилжин ажиллах боломж бүрдсэн. Анхнаасаа шинэ туршлага хуримтлуулах гэж ирсэн гэдгээ ч ойлгуулсан байсан л даа. Тэр цогцолборт томоохон таван зочид буудал, долоон ресторан байрладаг. Буцаж ирэх хүртлээ гол дөрвөн том ресторанд ажиллаж үзсэний хоёрт нь оройн хоол, нэгд нь өглөөний хоол, нарийн боовны тогооч, бас нэг ресторанд нь өдрийн хоолны тогоочоор ажиллаж үзлээ.

Бас нэг сайхан зүйл нь цогцолбор дотроо маш том хэмжээний усан үзмийн талбайтай, виноны үйлдвэртэй. Дарсныхаа амталгааг өнөөх том ресторанууддаа бас хийдэг, хоолондоо бас ашигладаг байсан.

YOLO: Энэ хөтөлбөрийн онцлогийг та өөрийн байр сууринаас хэрхэн харсан бэ?

-Тэнд очсон хойноо энэ хөтөлбөр дотроо олон янз байдгийг олж мэдсэн л дээ. Ажил мэргэжилдээ дөнгөж анхлан суралцаж байгаа залуучууд хамрагдахаас гадна ажил мэргэжил нь зүгшрээд хэдийнэ туршлагатай болсон хүмүүс туршлага судлахаар бас ирдэг гэх зэргээр ялгаатай байдаг юм байна лээ. Нөгөөтэйгүүр тухайн хүний тодорхойлолт ямар байсан ч гэсэн өөрийнх нь хандлага байдлаар ажил олгогчид дахин тодорхойлж байж ажлын байрыг нь хуваарилдаг.

YOLO: Монгол дахь ижил төстэй газраас ажиллах нөхцлийн хувьд хэр их ялгаатай байв?

-Хамгийн том ялгаа нь маш том газар учраас хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг маш хурдан мэдэж авах нь чухал байдаг. Ажил нь нарийн цагийн хуваарийн дагуу явагддаг. Дээр нь хүнсний бүтээгдэхүүнийг маш сайн мэддэг байж ангиллынх нь дагуу агуулах дахь байршлыг хурдан олдог болох зэргээр маш их хурд шаарддаг. Ажлын байрны зохион байгуулалтын хувьд ч их өөр.

YOLO: Дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан гол давуу тал нь таны хувьд юу байсан бэ?

-Би тэндээс маш олон сайн тодорхойлолттой ирсэн. Ажил олгогчийн тодорхойлолт мэдээж тухайн ажилтнаас хамаарч янз бүр байна. Хүн бүр тухайн ажилд тэнцэж ажиллаад тодорхойлолттой буцна гэдэг нь бас санаан зоргоор байдаггүй л дээ. Маш олон америк хүн ирээд долоо хоноод буцаж байхыг ч харж байлаа. Шаардлагад нийцэхгүй гэж үзсэн хүнээ шууд явуулчихдаг юм байна лээ.

YOLO: Олон хүн хувиараа, янз бүрийн шугамаар явж гадаадад ажиллах нь элбэг. Харин албан шугамаар хөтөлбөрт хамрагдаж явахын давуу тал юу байсан бэ?

-Тухайн улсынхаа хууль дүрмийг зөрчилгүй, татварыг нь төлөөд, эрүүл мэндийн даатгалд нь хамрагдаад, жолоо барих эрхтэй, бүрэн бичиг баримттайгаар ажиллана гэдэг нь дээрээс нь янз бүрийн арга хэмжээнд ч хамрагдах бүрэн эрхтэй болж байгаа юм.

Хууль бусаар ажиллаж амьдарна гэдэг нь угаас ямар ч улсад хэцүү шүү дээ.

Миний ажиллаж байсан шиг томоохон байгууллагад ажиллах бараг боломжгүй. Манай ресторанд аяга угаагч, үйлчлэгч зэрэг ажил хийж байсан мексикчүүд гэхэд ямар ч бичиг баримтгүй хүмүүс байдаг байсан. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд байгууллага ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

YOLO: Америкчуудын ажилд хандах хандлага ямар санагдсан бэ?

-Манайхнаас ажилд хандах хандлага нь маш их ялгаатай. Тэд маш хариуцлагатай. Юмыг нэг л хэлүүлнэ. Цагт нь яс хийнэ. Хариуцлага алдсан хүнд тавих хяналт маш сайн. Хүнд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Эргээд шаардлагаа тавьдаг. Ажиллах нөхцлөө сайтар хангуулсан хүнд тухайн ажлаа бүрэн дүүрэн хийхэд хүндрэл байдаггүй. Ажил хийж чадаж л байвал насны хязгаар хамаагүй, тэр нь манайхаас маш ялгаатай. Би нэг л жишээ татъя. Тогооч нар ямагт бээлийтэй ажилладаг. Анх очиход надад бүх бээлий нь томдоод байлаа. Ихэнх тогооч нар эрэгтэй байдаг болохоор бээлийний хэмжээ том байсан юм. Тэгээд ерөнхий тогоочдоо хэлэхэд маргааш нь л гэхэд зөвхөн надад зориулаад жижиг размерийн бээлий ирж байх жишээтэй.

YOLO: Нууц биш бол цалин хөлсний хувьд хэр байв?

-Мэдээж хэрэг Монголд авдаг цалингаас хэд дахин өндөр цалин авна. Гэхдээ амьдралын өртөг зэрэг харьцангуй зүйлс ч бий. Ер нь хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг, хөдөлмөрлөж л чадвал сайхан амьдрах улс. Тийм ч болохоор улс улсын хүмүүс тэнд очиж ажилладаг байх. Надад ажил олгогчид үлдэх боломж бүрдүүлсэн ч, миний хувьд хүлээж авах боломжгүй тул эргээд хугацаандаа ирсэн.

YOLO: Хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд таньд юу үлдсэн гэж тодорхойлох вэ?

-Хувь хүний хувьд хэдийнэ төлөвшсөн хүн учраас яг өөрчлөлт гарсан гэж бол хэлэхгүй. Харин мэргэжил талаасаа өөрийгөө хөгжүүлээд, олон шинэ зүйл мэдээд, орчин нөхцлөө нэг өөрчлөөд, олон улсын соёлын талаас маш их зүйл мэддэг боллоо. Хэлний мэдлэг мэргэжлийн талаасаа маш сайжирдаг.

Улс үндэстэн болгоны харилцааны соёл өөр болохыг таньж мэдээд ирсэн.  Урьд нь тийм олон үндэсний хүмүүстэй нэг дор удаан хугацаагаар байж үзээгүй байсан л даа.  Зүгээр нэмж сонирхуулахад өөр улсаас ирсэн хүмүүс  үйлчилгээнд голдуу ажилладаг юм байна лээ. Гал тогоонд тэр бүр ажилладаггүй гэдгийг анзаарсан.

Олон өөр улс үндэстний найзуудтайгаа одоо хэр нь холбоотой байгаа. Ер нь их аятайхан хөтөлбөрт маш сайхан яваад ирсэн дээ. Энэ хөтөлбөрөөр явахад тусалсан Monarch-ийнхандаа маш их баярлаж явдаг.

YOLO: Тэнд чөлөөт цагаа голдуу яаж өнгөрүүлж байсан бэ?

-Чөлөөт цагаараа амьдарч байсан газрынхаа ойр орчимд спортын байгууламжуудад их хичээллэж олон өөр үндэстэн найз нөхдийнхөө тэмдэглэлт баярт очдог байсан даа.

YOLO: Цаашид энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа хүмүүст та өөрийн зүгээс захиж хэлэх зүйл байгаа байх.

-Ямар ч юманд хариуцлагатай байх хэрэгтэй. Цаашид үе үеийн зөндөө олон залуус явна. Визний асуудлаас эхлээд хариуцлагатай л байх ёстой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Өөрөө л хичээвэл бүх юм нээлттэй байдаг гэдгийг л хэлмээр байна. Өөрөөс шалтгаалахгүй хүндрэл огт тохиолдохгүй гэдэг нь хамгийн сайхан.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

Post Comment